Булган аймгийн Эрдэнэт хороонд 1975 оны 02 дугаар сарын 03-ны өдөр анх Хэсгийн прокурорын газрыг прокурор, мөрдөн байцаагч, нарийн бичгийн дарга гэсэн орон тоотой баталж, хэсгийн прокуророор М.Найдан, мөрдөн байцаагчаар Д.Батсайхан нар томилогдон ажиллаж байжээ.
Эрдэнэтийн уурхай, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг ашиглалтад оруулах бүтээн байгуулалт 1973-1981 оны хооронд үргэлжилж, улс орны өнцөг булан бүрээс залуучууд Эрдэнэтийг зорьж гар бие оролцож байсан тул удалгүй 10 сарын дараа орон нутгийн захиргааны нэгжийг АИХ-ын Тэргүүлэгчдийн 1975 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 266 дугаартай Зарлигаар Эрдэнэт хот болгон өргөтгөсөн байна.
Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгосонтой холбогдуулан хэсгийн прокурорын газрыг хотын прокурор болон өргөтгөх ажил дөрвөн сарын турш үргэлжилж, Сайд нарын зөвлөлийн Хууль цаазын улсын хорооны 1976 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 56 дугаартай тогтоолоор, Хэсгийн прокурорын газрыг “Эрдэнэт хотын прокурорын газар” болгон өөрчилж, аймгийн прокурор 1, орлогч прокурор 1, туслах прокурор 2, хэсгийн прокурор 1, чухал хэргийн мөрдөн байцаагч 1, нарийн бичгийн дарга, бичээч, цэвэрлэгч гэсэн орон тоотой баталж байсан байх ба эдүгээ Орхон аймгийн прокурорын газрын 50 жилийн ой тохиож байна.
Орхон аймгийн прокурорын газарт 12 прокурор, тамгын хэлтсийн дарга 1, захиргаа, үйлчилгээний 13 алба хаагч ажиллаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар