Орхон аймгийн прокурорын газраас Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан “Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх”, Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан “хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих” зарчмын хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн тоглоомын талбай стандарт шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт гаргуулахаар Орхон аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газарт албан бичгээр хандаж, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гаргууллаа.
Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн Баян-Өндөр сумын 25 багийн 142 хүүхдийн тоглоомын талбайд хийсэн хяналт шалгалтаар, 24 багийн 138 тоглоомын талбай нь "Хүүхдийн тоглоомын талбайн MNS 6751:2019" ерөнхий шаардлагын холбогдох заалтуудыг хангахгүй байгаа нь тогтоогдсон байна.
Тус аймгийн прокурорын газраас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Жаргалант багийн засаг дарга, Баян-Өндөр сумын 24 багийн засаг дарга нарт харьяа нутаг дэвсгэрт байгаа хүүхдийн тоглоомын талбайг стандартын шаардлагад нийцүүлэх холбогдох ажил арга хэмжээ авч хариу ирүүлэх тухай албан бичиг хүргүүлээд байна.
Тоглоомын талбайн стандартыг мөрдүүлж ажилласнаар Орхон аймгийн хэмжээнд бүртгэлтэй, байнга оршин суудаг 0-15 насны 34 мянга гаруй хүүхдийн эрх ашиг хамгаалагдах юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газар